POST PHOTO

Иерусалимын амар амгалангийн төлөө гуй “Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай Амар амгалан чиний ханан эрмийн дотор Сайн сайхан чиний орднуудад байх болтугай” Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө Би одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж хэлнэ. Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Би чиний сайн сайхныг эрэн хайх болно. Дуулал 122:6-9

prayer1996 онд нэгэн өглөөний залбиралд залбирч байх үед залбирал удирдаж байсан эмэгтэй надад хандан “Израйлийн төлөө төлөөлөн залбирч өгөөч” гэж гуйсан. Хэдийгээр надад Израйльчуудын төлөө зуучлан залбирах мэдрэмж байгаагүй ч гэсэн би өглөөний залбирлын ахлагчдаа дуулгавартай байж, Иерайльчуудын төлөө төлөөлөн гуйж эхэлсэн. Гэтэл залбирч байх тэр мөчид, би залбирал дотроо Бурхан Израйльчуудыг Өөр дээр нь буцаж ирэхийг юутай ихээр хүсэн хүлээж байгаа зүрх сэтгэлийг маш гүн гүнзгийгээр мэдэрсэн. Израйльчуудыг Өөр дээр нь буцаж ирэх тэрхүү цагийг тэсэн ядан хүлээж байгаа Түүний хүлээлт ямар ариун бөгөөд нандин болохыг залбирал дотор олж харсан тэр мөчид би өөрийн эрхгүй уйлсан. Лукын сайн мэдээ номны арван тавдугаар бүлэгт гардаг “Алдагдсан хүү”-гээ хүлээж байгаа Эцэг шиг Бурханы зүрх сэтгэл тийм байсан. Абрахамын, Исаакын, Иаковын үр удам болох Израйлыг хэдэн зуун, хэдэн мянганы турш харуулдан хүлээсээр байгаа Бурхан болох Эцэгийн зүрх сэтгэлийг би маш тод мэдэрсэн. Энэ нь надад дэндүү ойрхон мэдрэгдсэн. Энэ хүлээлт үгээр илэрхийлэгдэшгүй ариун, нандин хүлээлт байсан. Бас үнэхээр ямар ч хатуу зүрх сэтгэл хайлж уярахгүй байхын аргагүй өр өвтгөм хүлээлт байсан. Миний зүрх сэтгэл эмтэрч, уйлахаа зогсоож дийлээгүй. Би уйлан, Бурханы төөрсөн хүү болох Израйл үндэстний төлөө залбирсан.

tenemel huu
“Эцэг хүү хоёр хурдан уулзаасай. Төөрч алдагдаж, үхсэн хүн шиг алга болсон хүү нь Эцэгтээ хурдан буцаж очоосой.”
Тэр мөчөөс хойш би Израйльчуудын төлөө залбирч, “Тэдний төлөө ямар нэгэн зүйл хийх юмсан. Төөрсөн хүүг Эцэгтэй нь уулзуулчих юмсан” гэж бодож хүсдэг болсон билээ. Тэгээд 1 жилийн дараа 1998 онд Дарханы “Есүсийн Алдар” сүмд пастораар томилогдон очсоноос эхлэн сүмийнхээ өргөлийн 1/10-ийг цуглуулж эхэлсэн бөгөөд дараа нь надад 2000 онд “Иерусалим өөрийн ХААН-ыг хүлээж авахад бэлтгэж байна” гэсэн уриатай олон улсын конференц-д Израйльд хүрэлцэн очиж тэрхүү өргөлөө гардуулж өгөх боломж олдсон билээ. Тэр үед хүчирхэг Еврей номлогчдын сургаал сонсож, зүрх сэтгэлдээ “Хэрвээ Еврэйчүүд Христ дээр ирж, аврагдан өөрсдийн Бурхан ЭЗЭНээ алдаршуулан үйлчилбэл тэд дэлхийд үнэхээр ерөөл болох юм байна” гэдгийг ухаарч Израйлчуудын цагийг хүсэн хүлээж залбирдаг болсон билээ. Элч Паул захидалдаа хэрвээ Израйлчууд өөрсдийн ЭЗЭН дээр ирвэл харь үндэстнүүдэд юутай илүү агуу ивээл ерөөл болох тухай ингэж хэлсэнийг бид уншиж болно. “Хэрэв тэдний хилэнц нь дэлхийн баялаг болж, тэдний алдаа нь харь үндэстнүүдийн баялаг болдог юм бол тэдний дүүрэн байдал ямар их илүү байх болоо???”

passion of christ2
Тийм ээ! Израйлчуудын алдаа, нүгэлц хилэнц нь “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” –г тахилын ширээн дээр нь өргөл болгосон билээ.
Хэрвээ Израйлчууд Есүс Христийг загалмай дээр цовдлоогүй бол хэрхэн нүглүүдийн уучлалын төлөөх “Шинэ гэрээний цус” урсах билээ. Хэрвээ Түүний цус урсаагүй бол бид бүгд хэрхэн аврагдах билээ?
Энэ бүгд үйлдэгдэхээс ч өмнө хэдэн зуун жилийн өмнө түүний үхлийн талаарх бүх зүйл урьдчилан төлөвлөгдөж, урьдчилан бичигдсэн байсан билээ. Амьд Бурханы Хүү Есүс Христ энэ дэлхий дээр хүн төрөлхтний төлөө ирсэн. Тэр ирэхдээ хүн төрөлхтний төлөө амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн. Загалмай дээр! Энэ тухай Хуулийн номд ингэж бичигджээ.
“МОДОН ДЭЭР ӨЛГӨГДСӨН ХҮН ХАРААГДСАН!” (Галат 3:13-14)
Элч Паул энэхүү хуулийн үг бол Есүсийн тухай зөгнөл гэдгийг, “Тэр бидний төлөө хараал болсон” гэдгийг аль хэдийнээ тов тодорхой тайлбарласан билээ. Израйлчууд, “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” болох Амьд Бурханы Хүү Есүсийг бичигдсэн бүхний дагуу тахил болоход нь оролцсон билээ. Ингэхдээ тэд өөрсдөөч мэдэлгүйгээр, сонсохгүй чих харахгүй нүдээр үүнийг үйлдсэн билээ. Тиймээс ч Есүс Христ загалмай дээр тэдний төлөө зуучлан “Эцэг минь! Юу хийж байгаагаа мэдэхгүй тэднийг уучлаач! гэж залбирсан билээ. Элч Паул хожим захидалдаа “Хэрвээ тэд бидний ЭЗЭН Есүс Христийг “Алдрын ЭЗЭН мөн!” гэж мэдсэн байсан бол хэзээ ч Түүнийг загалмайд цовдлохгүй байсан юм.” гэж бичжээ. Олон итгэгчид болон үйлчлэгчид Израйльчуудын талаар огт мэдлэггүй эсвэл буруу ойлголттой, эсвэл үл ойшоосон хандлагатай байдаг. Ингэж болохгүй билээ!

passion of christ1
Элч Паул харь үндэстнүүд болох бид бүгдэд Израйльчуудын талаар ингэж бичиж үлдээжээ.
(Ром 11-р бүлэгийг дараа нь та бүхэлд нь уншаарай. Харин одоо би энд хэсэгхэнийг нь дурдъя. )
Ром 11:1-4

Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнээ голсон гэж үү? Бүү ийм байх болтугай! Учир нь би бас Абрахамын үр удам, Бениамин овгийн Израиль хүн. Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнээ голоогүй. Эсвэл та нар Елиагийн тухай Сударт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг Бурханд мэдүүлэн, “Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алсан. Тэд Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна” гэсэн. Харин Бурханы хариу юу байв? “Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Би Өөртөө үлдээсэн” гэсэн юм. Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа.

Харин Бурхан үлдсэнийг нь хатуу байдалд нь орхисон гэжээ. “Бурхан тэдний дуулгаваргүй байдлаас нь болж, тогтоосон цаг хугацааг хүртэл харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн нь энэ хооронд харь үндэстнүүдийг аврахын тулд юм” гэж элч Паул хэлж байна.

Үргэлжлүүлэн хамт Ром 11:17-22-с уншъя.
Тиймд би хэлье. Тэд бүр унахаар бүдэрсэн гэж үү? Бүү ийм байх болтугай! Харин Израилийн атаархлыг төрүүлэхийн тулд тэдний алдаа зөрчлөөс болж Харь үндэстнүүдэд аврал өгөгдөв. Хэрэв тэдний хилэнц нь дэлхийн баялаг болж, тэдний алдаа нь Харь үндэстнүүдийн баялаг болдог юм бол тэдний дүүрэн байдал ямар их илүү байх бол! …
…Учир нь хэрэв тэдний голсон явдал нь дэлхийн эвлэрэл бол тэдний хүлээн авалт нь үхэгсдээс амилуулах явдлаас өөр юу байх билээ?

Паул хэлэхдээ жинхэнэ мөчрийг тасдаж, зэрлэг мөчир (харь үндэстнээс сонгогдсон хүмүүс)-ийг залгав гэжээ. Тиймээс зэрлэг мөчрүүд бардамнаж, жинхэнэ мөчрүүдийн эсрэг сайрхаж болохгүй юм.
Ром 11:17-22 Хамтдаа уншъя!
Харин хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол, өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв та сайрхах аваас та үндсийг тэтгэж байгаа юм биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. Тэгээд та “Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ” гэж хэлэх болно. Тийм ээ, тэд итгэлгүйгээс болж тастагдсан. Харин та итгэлээрээ зогсож байна. Бүү ихэмсэг бай, харин эмээгтүн. Хэрэв Бурхан байгалийн мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуу байдлыг харагтун. Унасан хүмүүсийн дээр хатуу байдал нь, харин таны дээр Бурханы энэрэл нь, хэрэв та Түүний энэрэл дотор цаашид байх аваас, байна. Эс бөгөөс та ч гэсэн тастагдах болно.
Израйльчуудын атаархлыг төрүүлэхийн тулд Бурхан харь үндэстэнд алдраа харуулжээ. Ямар атаархал вэ? Израйльчууд Өөрсдийн Бурханы оршихуйн алдар, ивээл ерөөл, тэмдэг гайхамшгууд Есүс Христэд итгэгч харь үндэстүүдийн дунд байгааг харахдаа Түүн рүү эргэхэд хүргэх атаархал!

Бурханы анхнаасаа сонгон авсан үндэстэн болох Еврейчүүдийн алдаа зөрчил нь харь үндэстэн бидэнд ямар их ивээл болоо вэ! Тэдний алдаа нь бидэнд ерөөл болж байгаа юм бол хэрэв тэд ерөөгдвөл, бид бүр ч илүү ихээр тэднээр ерөөгдөх болно! Хэрэв Бурхан Абрахам, Исаак, Якобын үр удам болсон Еврейчүүдийг гэм нүгэл, итгэлгүй бөгөөд дуулгаваргүй байдлаас нь болоод ийнхүү тасдан хаясан юм бол, Тэгэх тусмаа харь үндэстэн болох та биднийг ч гэсэн дуулгаваргүй, бузар итгэлгүй байдлаас минь болоод тасдан хаяхад бүр ч илүү амархан байх бусуу. Иймд ЭЗЭН Бурханы энэрэл болон хатуу байдлын аль алиныг нь ухааран ойлгож ЭЗЭНээс эмээгтүн! ЭЗЭНий энэрэл хайранд зохистой байж, Түүнээс зуурч явцгаая. Энэ үнэнийг мэдэхгүйгээс аль эсвэл үл ойшоосноосоо болж та хайнга бөгөөд бардам нэгэн болчих вий.
Ром 11:25-32 Хамтдаа уншъя.
Ах дүү нар аа. Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна.
Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ. Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. “Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ. Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна. Би тэдний нүглүүдийг зайлуулах үед Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн”. Сайн мэдээний талаас, тэд та нарын төлөөх дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн төлөө хайрлагдагсад юм. Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. Учир нь та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүй байдлаас болж та нар өршөөл үзсэнчлэн, мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм. Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд Бурхан бүх хүнийг дуулгаваргүй байдал дотор хорьжээ.
Харь үндэстэн дүүрэн орж аврагдахын тулд Израйльчуудыг ЭЗЭН түр орхисон билээ. Цаг нь ирэхэд тэд итгэлд ирцгээх болно!
Хэрэв Еврейчүүд Есүс Христийг цовдлоогүй байсан бол хүн төрөлхтний гэм нүгэл хэрхэн уучлагдах вэ? Тэдний энэ алдаа нь хүн төрөлхтөнд ямар их ерөөл болоо вэ?
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ? Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ? Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен. (Ром 11:25-32)

БИД ЕВРЕЙЧҮҮДЭД ХАНДАХ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ!
naomi ruth1
Харь үндэстэн бүсгүй Рут хэдийгээр эр нөхөр нь үхсэн боловч, эх нутаг, элгэн садан бүхнээ орхиод ядуу, гуйлгачин болсон хадам эхээ дагаж, Израйль уруу явдаг. Хадам эх нь түүнд “Нутагтаа үлд! охин минь…” гэж элдвийн үгээр ятган үлдээхийг оролдоход , бүсгүй харин ч бүр илүүтэйгээр хадам эхдээ наалдаж, “Намайг үлд гэж битгий ятгаач! “Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан” гэж эрс шийдэмгий гуйсанд, бэлэвсэрч хоцорсон бэр охиноо нэгэнт зогсоож дийлэхгүйгээ ухаарсан ядуу эх Наоми, Рүтийг дагуулан Израйль руу явдаг. Бурхан Рутыг ерөөснөөр, Абрахамын удмын хүн болох Боаз хожим Рутыг авч гэрлэжээ.
Есүс Христийн угийн бичигт ингэж тэмдэглэжээ. “Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг бөгөөд Иесси нь Давид хааны эцэг билээ.”
Хожим нь Рутын хэвлийгээс төрсөн үр удмаас хүн төрөлхтний Аврагч ЭЗЭН Есүс Христ мэндэлсэн билээ. Ийнхүү харь үндэстэн бүсгүй Рутын нэр бидний Аврагч ЭЗЭН Есүс Христийн угийн бичигт мөнхөд дурсагдан бичигдсэн билээ.

naomi ruthРутын хэлсэн үг:
-Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. (Рүүт)
Хүмүүс ээ! Христэд итгэгчидээ!
Та нар Израйлчуудын Бурханыг миний Бурхан гэдэг боловч, ард түмнийг нь үгүйсгэдэг. Ийм байж болох уу?
Та нар бидэнд “Та нарын Бурхан бол миний Бурхан! Харин та нар надад хамаагүй!” гэж хэлнэ гэж үү? (Еврей пастор.)
Ингэж болохгүй ээ! Бид Бурханыг нь хүлээн авсан бол бас ард түмнийг нь ч хүлээн авах ёстой биш үү? Харь үндэстний сүм чуулганууд Израйлийн мөчирт суулгагдсан тул жинхэнэ мөчрүүдийн эсрэг сайрхаж болохгүй билээ. “Израйлийн төлөө залбирч, еврейчүүдийг ерөөх нь Бурханы таалалд нийцэх болно!” гэдгийг ухаарагтун! Еврейчүүдийг Амьд Бурханы Хүү Есүс Христ рүү эргэхийн төлөө залбирцгаая. Төөрсөн хүүгээ хүлээж байгаа Аавын зүрхийг тэнхрүүлцгээе! (Лук 15:11-32.)

nulimasni hana
Иерусалим аа, хэрэв би чамайг мартсансан бол
Миний баруун гар чадвараа алдах болтугай.
Хэрвээ би чамайг санахгүй бол,
Хэрвээ би Иерусалимыг
Өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй бол
Хэл минь тагнайнд минь наалдаг. (Дуулал 137:4-6)
**********************
Израйлийн төлөө санах болгондоо залбирч, ерөөж байгаарай!
Төгсгөлийн энэ цаг үед доорх 3 үйл явдал илүү хүчтэй өрнөх болно.
(Матай 24, Илчлэлт ном)
1. Дайн дажин, гамшиг, хавчлага ихэснэ.
2. Сайн мэдээ дэлхийн бүх үндэстэнд хүрч чуулганууд хүчирхэгжнэ.
3. Израйльчууд авралд ирнэ.
ЕСҮС ХРИСТ МАНДТУГАЙ!

пастор НАРМАНДАХ

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: